¹ Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. ² Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. ³ Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. ⁴ Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. ⁵ Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. ⁶ Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. ⁷ Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. ⁸ Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. ⁹ Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. ¹⁰ Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. ¹¹ Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. ¹² Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. ¹³ Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр. ¹⁴ Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг. ¹⁵ Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. ¹⁶ Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. ¹⁷ Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь ¹⁸ өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. ¹⁹ Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр. ²⁰ Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав. ²¹ Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. ²² Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв. ²³ Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр. ²⁴ Бурхан —Газар дэлхий амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай! гэж айлдсанд ёсоор болжээ. ²⁵ Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00