²⁶ Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. ²⁷ Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.
⁷ Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. ⁸ ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. ⁹ Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.
¹⁵ ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. ¹⁶ Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. ¹⁷ Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв. ¹⁸ ЭЗЭН Бурхан —Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. ¹⁹ Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. ²⁰ Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. ²¹ Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. ²² ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. ²³ Адам Энэ чинь л яснаас минь авсан яс Махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. ²⁴ Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. ²⁵ Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00