¹ ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. ² Тэр эмэгтэй, могойд —Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. ³ Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд ⁴ могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. ⁵ Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. ⁶ Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж. ⁷ Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ. ⁸ Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. ⁹ Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж —Чи хаа байна вэ? гэсэнд ¹⁰ тэрээр —Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв. ¹¹ Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд ¹² хүн —Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв. ¹³ ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. ¹⁴ ЭЗЭН Бурхан нөгөө могойд Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно. ¹⁵ Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд ¹⁶ эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв. ¹⁷ Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. ¹⁸ Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно. ¹⁹ Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ. ²⁰ Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж. ²¹ ЭЗЭН Бурхан, Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. ²² ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ. ²³ ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав. ²⁴ Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00