⁵ ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, ⁶ Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав.
⁹ Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв. ¹⁰ Тэрээр гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет билээ. ¹¹ Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. ¹² Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа. ¹³ Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. ¹⁴ Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. ¹⁵ Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, бүхээгийн урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. ¹⁶ Бүхээгтээ гэгээвч хийхдээ оройгоос нь нэг тохой хийнэ. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга. ¹⁷ Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ. ¹⁸ Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно. ¹⁹ Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул. ²⁰ Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. ²¹ Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. ²² Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
¹⁷ Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв. ¹⁸ Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө. ¹⁹ Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. ²⁰ Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ. ²¹ Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. ²² Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв. ²³ Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ. ²⁴ Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00