Абрахам Бурханд итгэсэн

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Эхлэл 12: 1-7

¹ Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. ² Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! ³ Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв. Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа. Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ. ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.

Эхлэл 15: 1-6

¹ Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. ² Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. ³ Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав. Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00