Абрахам Бурханыг дуулгавартай дагасан

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Эхлэл 22: 1-19

¹ Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ. ² Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв. ³ Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ. Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав. Тэгээд Абрахам зарц залуустаа —Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв. Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёул хамт явжээ. Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ. Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив. ¹⁰ Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав. ¹¹ Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв. ¹² Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв. ¹³ Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав. ¹⁴ Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ. ¹⁵ Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж — ¹⁶ ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна. ¹⁷ Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно. ¹⁸ Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв. ¹⁹ Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00