Алгасал баярын Тахил

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Гэтлэл 12: 1-3

¹ Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН — ² Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. ³ Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав.

Гэтлэл 12: 21-31

²¹ Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд —Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал. ²² Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар. ²³ ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. ²⁴ Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ. ²⁵ ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. ²⁶ Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед ²⁷ та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв. ²⁸ Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ. ²⁹ Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо. ³⁰ Тэр шөнө Фараон хийгээд бүх албат нь, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй. ³¹ Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил!

Гэтлэл 12: 40-42

⁴⁰ Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ. ⁴¹ Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав. ⁴² Египет нутгаас тэднийг гаргахын тулд ЭЗЭНий сахиж хоносон шөнө энэ юм. Энэ нь Израилийн хөвгүүн бүхний сахиж хонох, үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00