¹⁰ Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ. ¹¹ Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. ¹² Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. ¹³ Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ. ¹⁴ ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. ¹⁵ ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав. ¹⁶ Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгосноор тэднийг тонуулчдын гараас аврав. ¹⁷ Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. ¹⁸ ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ. ¹⁹ Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг даган тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй. ²⁰ Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа. ²¹ Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. ²² Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв. ²³ Иймд ЭЗЭН тэдгээр үндэстнийг дав дээр хөөлгүй үлдээсэн ба Тэр тэднийг Иошуагийн гарт тушаагаагүй билээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00