¹³ Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна. ¹⁴ Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв. ¹⁵ Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно. ¹ Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ? ² Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, Хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв. ³ Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ. ⁴ Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. ⁵ Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. ⁶ Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. ⁷ Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй. ⁸ Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ. ⁹ Булшийг нь буруутуудын хамт товлосон ч Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй. ¹⁰ Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно. ¹¹ Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ. ¹² Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00