Амлагдсан Аврагч

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Исаиа 9: 1-7

¹ Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Иорданы нөгөө тал, тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно. ² Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. ³ Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму. Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.

Лук 1: 26-38

²⁶ Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. ²⁷ Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. ²⁸ Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. ²⁹ Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. ³⁰ Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. ³¹ Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. ³² Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. ³³ Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд ³⁴ Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд ³⁵ тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. ³⁶ Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. ³⁷ Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. ³⁸ Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00