¹ Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. ² Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа. ³ Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. ⁴ Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу, ⁵ жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав. ⁶ Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, ⁷ тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. ⁸ Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал ⁹ Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. ¹⁰ Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. ¹¹ Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. ¹² Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. ¹³ Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан ¹⁴ —Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. ¹⁵ Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. ¹⁶ Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. ¹⁷ Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. ¹⁸ Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. ¹⁹ Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. ²⁰ Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00