Аврагчийн талаарх Иоханы тунхаглал

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Марк 1: 1-8

¹ Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл. ² Эш үзүүлэгч Исаиагийн номд «“Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр замыг чинь бэлтгэнэ” гэсэнчлэн ³ Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэж бичигджээ. Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв. Тэр тунхаглахдаа —Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би бөхийж Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.

Иохан 1: 29-34

²⁹ Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. ³⁰ Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. ³¹ Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. ³² Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. ³³ Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. ³⁴ Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00