¹ Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, ² дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ. ³ Диавол Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулууг талх бол гэж тушаа гэв. ⁴ Есүс —“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ. ⁵ Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв. ⁶ Тэгээд диавол, Түүнд —Энэ бүх эзэмшил болон эдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг өгч чадна. ⁷ Тиймээс Чи надад мөргөвөөс, энэ бүгд Чинийх болно гэхэд ⁸ Есүс, түүнд —“Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв. ⁹ Тэр Түүнийг Иерусалимд аваачин, сүмийн орой дээр зогсоогоод, түүнд —Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доош үсэр. ¹⁰ “Тэрээр тэнгэрэлч нартаа Чамайг хамгаалах талаар тушаана.” ¹¹ “Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд ¹² Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас айлдсан байдаг гэлээ. ¹³ Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ. ¹⁴ Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. ¹⁵ Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв. ¹⁶ Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. ¹⁷ Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод ¹⁸ —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, ¹⁹ Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, ²⁰ номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. ²¹ Тэр тэдэнд —Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. ²² Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00