Есүс Эдгээдэг ба Уучилдаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Лук 5: 17-32

¹⁷ Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. ¹⁸ Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч ¹⁹ хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. ²⁰ Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд ²¹ хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход, ²² бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? ²³ “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? ²⁴ Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. ²⁵ Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. ²⁶ Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж —Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа. ²⁷ Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд ²⁸ тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. ²⁹ Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. ³⁰ Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд ³¹ Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. ³² Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00