³⁵ Тэр өдрийн орой Есүс тэдэнд —Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэхэд ³⁶ тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. ³⁷ Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. ³⁸ Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. ³⁹ Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. ⁴⁰ Тэр тэдэнд —Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд ⁴¹ тэд маш их айж, бие биендээ —Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв. ¹ Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ. ² Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав. ³ Орон байр нь булшнуудын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж. ⁴ Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ. ⁵ Булшин дунд, ууланд өдөр шөнөгүй тэрээр орилж, чулуугаар өөрийгөө балбах аж. ⁶ Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж, Түүнд мөргөв. ⁷ Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. ⁸ Учир нь Есүс —Бузар сүнс чи хүнээс гар гэж айлдсан ажээ. ⁹ Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. ¹⁰ Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж тэр Түүнээс хүсэмжлэн гуйв. ¹¹ Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. ¹² Чөтгөрүүд Есүсээс —Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад ¹³ Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг нуурын эгц ганга дээрээс ухасхийж, нууранд унан живцгээлээ. ¹⁴ Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. ¹⁵ Тэд Есүс дээр ирээд, «Легион» шүглэж байсан мөнөөх нэгэн хувцаслачихсан, эрүүл саруул сууж байхыг хараад, ихэд айв. ¹⁶ Үүнийг үзсэн хүмүүс, чөтгөр шүглэсэн хүнд юу тохиолдсоныг болон гахайнууд яасан тухай тэдэнд ярьжээ. ¹⁷ Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. ¹⁸ Есүсийг завинд суух үед чөтгөр шүглэсэн байсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч ¹⁹ Есүс үл зөвшөөрөн, харин түүнд —Гэртээ, өөрийнхөндөө оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. ²⁰ Тэр явж, Есүс түүнд хичнээн ихийг үйлдсэнийг Декаполиор нэг зарлаж эхлэв. Бүгд гайхацгааж байлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00