Уучлал & Золиос

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Лук 18: 9-30

Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. — ¹⁰ Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. ¹¹ Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. ¹² Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. ¹³ Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. ¹⁴ Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. ¹⁵ Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад ¹⁶ Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. ¹⁷ Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ. ¹⁸ Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. ¹⁹ Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. ²⁰ “Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд ²¹ тэр —Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв. ²² Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. ²³ Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. ²⁴ Есүс түүнийг хараад, —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! ²⁵ Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь ²⁶ сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд ²⁷ Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. ²⁸ Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан гэхэд ²⁹ Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, ³⁰ тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна гэв.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00