Бурханыг болон хөршөө хайрла

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Лук 10: 25-37

²⁵ Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад ²⁶ Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд ²⁷ тэр —Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв. ²⁸ Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв. ²⁹ Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ. ³⁰ Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. ³¹ Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. ³² Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. ³³ Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, ³⁴ түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. ³⁵ Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ. ³⁶ Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд ³⁷ тэр —Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.

Лук 6: 27-31

²⁷ Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. ²⁸ Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. ²⁹ Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. ³⁰ Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. ³¹ Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00