¹ Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход, ² фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь ³ ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. — ⁴ Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? ⁵ Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, ⁶ гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. ⁷ Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. — ⁸ Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? ⁹ Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. ¹⁰ Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. ¹¹ Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. ¹² Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. ¹³ Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. ¹⁴ Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. ¹⁵ Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. ¹⁶ Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. ¹⁷ Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. ¹⁸ Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. ¹⁹ Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. ²⁰ Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. ²¹ Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. ²² Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. ²³ Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. ²⁴ Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00