¹ Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм. ² Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв. ³ Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. ⁴ Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. ⁵ Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. ⁶ Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. ⁷ Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд ⁸ шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. ⁹ Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Өдөр явбал ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. ¹⁰ Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв. ¹¹ Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд ¹² шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. ¹³ Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ. ¹⁴ Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. ¹⁵ Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэв. ¹⁶ Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв. ¹⁷ Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв. ¹⁸ Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. ¹⁹ Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ. ²⁰ Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. ²¹ Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. ²² [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. ²³ Есүс түүнд —Ах чинь амилна гэхэд ²⁴ Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. ²⁵ Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. ²⁶ Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. ²⁷ Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг. ²⁸ Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд ²⁹ Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. ³⁰ Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. ³¹ Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. ³² Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. ³³ Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн — ³⁴ Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. ³⁵ Есүс уйлав. ³⁶ Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. ³⁷ Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. ³⁸ Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. ³⁹ Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. ⁴⁰ Есүс, Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. ⁴¹ Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. ⁴² Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. ⁴³ Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. ⁴⁴ Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00