¹ Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. ² Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд ³ Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, ⁴ зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. ⁵ Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. ⁶ Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. ⁷ Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. ⁸ Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ. ⁹ Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. ¹⁰ Есүс —Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. ¹¹ Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. ¹² Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? ¹³ Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. ¹⁴ Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. ¹⁵ Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. ¹⁶ Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм. ¹⁷ Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00