³⁶ Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, ³⁷ Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. ³⁸ Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. ³⁹ Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. ⁴⁰ Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? ⁴¹ Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. ⁴² Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. ⁴³ Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. ⁴⁴ Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ. ⁴⁵ Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. ⁴⁶ Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. ⁴⁷ Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. ⁴⁸ Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. ⁴⁹ Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. ⁵⁰ Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. ⁵¹ Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. ⁵² Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. ⁵³ Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? ⁵⁴ Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. ⁵⁵ Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. ⁵⁶ Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00