³² Өөр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа. ³³ Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. ³⁴ Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ. ³⁵ Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв. ³⁶ Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу өгч — ³⁷ Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол Өөрийгөө авраач гэж байв. ³⁸ Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. ³⁹ Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. ⁴⁰ Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? ⁴¹ Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд ⁴² тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. ⁴³ Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ. ⁴⁴ Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. ⁴⁵ Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. ⁴⁶ Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав. ⁴⁷ Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. ⁴⁸ Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв. ⁴⁹ Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд мөн Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо. ⁵⁰ Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. ⁵¹ Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. ⁵² Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. ⁵³ Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ. ⁵⁴ Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. ⁵⁵ Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. ⁵⁶ Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00