Амилал ба Дээш өргөгдсөн нь

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Иохан 20: 11-31

¹¹ Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн хартал ¹² цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв. ¹³ Тэд түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр —Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. ¹⁴ Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. ¹⁵ Есүс түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд —Эзэн, хэрэв та Түүнийг зөөсөн бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. ¹⁶ Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. ¹⁷ Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ. ¹⁸ Магдалын Мариа ирж, шавь нарт —Би Эзэнийг харлаа гээд, Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв. ¹⁹ Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв. ²⁰ Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. ²¹ [Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. ²² Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн —Ариун Сүнсийг хүлээн авагтун. ²³ Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав. ²⁴ Харин арван хоёрын нэг болох Ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. ²⁵ Бусад шавь нар нь түүнд —Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр —Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. ²⁶ Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож —Амар амгалан та нарт байх болтугай гэв. ²⁷ Тэгээд Тэр, Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд ²⁸ Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв. ²⁹ Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ. ³⁰ Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. ³¹ Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.

Лук 24: 50-52

⁵⁰ Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв. ⁵¹ Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв. ⁵² Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00