Есүс Мөнхийн Улсад

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Илчлэл 7: 9-17

Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. ¹⁰ Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. ¹¹ Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж — ¹² Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв. ¹³ Ахлагчдын нэг нь надад хандан —Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ. ¹⁴ Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ. ¹⁵ Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ. ¹⁶ Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй. ¹⁷ Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00