³ Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд ⁴ Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. ⁵ Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. ⁶ Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. ⁷ “Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. ⁸ Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. ⁹ Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. ¹⁰ Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? ¹¹ Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. ¹² Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? ¹³ Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй. ¹⁴ Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь ¹⁵ Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ. ¹⁶ Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. ¹⁷ Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. ¹⁸ Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм. ¹⁹ Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. ²⁰ Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй. ²¹ Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00