Дагалдагч нартаа өгсөн Түүний амлалт юу вэ?

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Ефес 2: 1-10

¹ Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад ² тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. ³ Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. ¹⁰ Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.

Ром 5: 1-5

¹ Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. ² Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. ³ Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00