¹⁵ Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. ¹⁶ Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. ¹⁷ Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. ¹⁸ Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. ¹⁹ Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно. ²⁰ Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. ²¹ Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. ²² Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд ²³ Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна. ²⁴ Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ. ²⁵ Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. ²⁶ Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. ²⁷ Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00