³⁶ Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. ³⁷ Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, ³⁸ Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. ³⁹ Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд ⁴⁰ Есүс хариуд нь —Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон —Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ. — ⁴¹ Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. ⁴² Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь ⁴³ Симон —Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зөв шүүлээ гээд, ⁴⁴ тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. ⁴⁵ Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. ⁴⁶ Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. ⁴⁷ Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд, ⁴⁸ эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдлаа гэв. ⁴⁹ Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо —Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ. ⁵⁰ Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00