¹ Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд ² тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. ³ Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. ⁴ Тэрээр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд ⁵ Симон —Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. ⁶ Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. ⁷ Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. ⁸ Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. ⁹ Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. ¹⁰ Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. ¹¹ Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00