Дагалдагчид Есүстэй нэгмдэл байж, үр жимс гаргадаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Иохан 15: 1-17

¹ Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. ² Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. ³ Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана. Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. ¹⁰ Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. ¹¹ Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. ¹² Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал. ¹³ Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. ¹⁴ Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. ¹⁵ Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. ¹⁶ Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. ¹⁷ Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс дагалдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00