²⁶ Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. ²⁷ Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм. ²⁸ Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. ²⁹ Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. ³⁰ Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан. ³¹ Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? ³² Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? ³³ Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. ³⁴ Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. ³⁵ Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү? ³⁶ «Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ, Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм. ³⁷ Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. ³⁸ Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, ³⁹ өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00