¹² Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. ¹³ Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. ¹⁴ Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. ¹⁵ Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй. ¹⁶ Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. ¹⁷ Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? ¹⁸ Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. ¹⁹ Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? ²⁰ Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. ²¹ Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. ²² Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. ²³ Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг. ²⁴ Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. ²⁵ Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. ²⁶ Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. ²⁷ Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. ²⁸ Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ. ²⁹ Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгчид үү? ³⁰ Бүгд эдгээх бэлгүүдтэй юү? Бүгд хэл ярихуйгаар ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү? ³¹ Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00