Чуулган бол нэгдмэл

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Иохан 17: 9-26

Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. ¹⁰ Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Би тэднээр алдаршуулагдлаа. ¹¹ Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач. ¹² Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. ¹³ Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. ¹⁴ Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. ¹⁵ Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. ¹⁶ Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. ¹⁷ Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. ¹⁸ Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. ¹⁹ Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. ²⁰ Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. ²¹ Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. ²² Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн сүр жавхланг тань Би тэдэнд өгсөн билээ. ²³ Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. ²⁴ Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. ²⁵ Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч Би Таныг мэдсэн. Мөн Та Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. ²⁶ Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Энэ түүхээс бид сүм чуулган байх талаар юу сурч болох вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00