Чуулган Бурханыг магтан хүндэлдэг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Дуулал 145: 1-21

¹ Аяа Хаан болох Бурхан минь, Таныг би өргөмжилж, Нэрийг тань үүрд мөнхөд магтана. ² Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрээр үүрд мөнхөд сайрхана. ³ ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй. Нэг үеийнхэн нөгөөдөө Таны үйлсийг магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. Таны сүр хүчний жавхлант алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань хүчийг ярина. Мөн аугааг тань би тунхаглана. Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж Таны зөвт байдлыг хашхиран дуулна. ЭЗЭН нигүүлсэнгүй хийгээд өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр аугаа их юм. ЭЗЭН бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна. ¹⁰ Аяа ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархах бөгөөд Бишрэлтнүүд тань Таныг магтацгаана. ¹¹ Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлэх нь ¹² Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой. ¹³ Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд Ноёрхол тань үеийн үед байна. ¹⁴ Унасан бүхнийг ЭЗЭН өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог. ¹⁵ Бүхний нүд Тан уруу чиглэн найддаг бөгөөд Та товлосон цагт хүнсийг нь өгдөг билээ. ¹⁶ Та мутраа дэлгэн Бүх амьтны хүслийг хангадаг. ¹⁷ ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй. ¹⁸ ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ. ¹⁹ Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг. ²⁰ ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахидаг, Харин бүх буруутыг Тэр устгана. ²¹ Ам минь ЭЗЭНий магтаалыг өгүүлнэ. Бүх махбод Түүний ариун нэрийг Үүрд мөнхөд магтах болтугай.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Энэ түүхээс бид сүм чуулган байх талаар юу сурч болох вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00