Чуулган бие биедээ үйлчилдэг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Марк 10: 42-45

⁴² Есүс тэднийг дуудаж тэдэнд —Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. ⁴³ Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. ⁴⁴ Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. ⁴⁵ Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.

1Коринт 12: 4-11

Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж. Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх Сүнсээр, нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр өгсөн, ¹⁰ өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. ¹¹ Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Энэ түүхээс бид сүм чуулган байх талаар юу сурч болох вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00