¹ Тэгээд Есүс ард олон болон шавь нартаа айлдсан нь — ² Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. ³ Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. ⁴ Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. ⁵ Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. ⁶ Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах, ⁷ гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. ⁸ Харин та нар “Багш аа” гэж бүү дуудуул. Та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. ⁹ Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй. ¹⁰ Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. ¹¹ Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. ¹² Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00