¹ Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. ² Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, ³ өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. ⁴ Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна. ⁵ Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. ⁶ Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. ⁷ Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая. ⁸ Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. ⁹ Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. ¹⁰ Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. ¹¹ Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00