Муу удирдагч юу хийдэг вэ?

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Езекиел 34: 1-16

¹ Дараа нь ЭЗЭНий үг надад ирж — ² Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу? ³ Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг. Эмгэгтэйг нь та нар үл тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг эс буцааж, гээгдсэнийг үл хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов. Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тарцгаав. Хонин сүрэг минь бүх уулаар, өндөр толгод бүрээр төөрөлдөв. Хонин сүрэг минь газрын бүх гадаргаар тараагдав. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв.»” Тиймээс хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс. «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр хонин сүрэг минь олз болж, хоньчин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэш болоход Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээж, хонин сүргийг минь эс тэжээсэн» гэв. Тиймээс хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс. ¹⁰ Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа, Би тэднээс хонинуудаа шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ болино. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээнэ. Харин Би хонин сүргээ тэдний идэш болгохгүйн тулд амнаас нь аварна» гэв. ¹¹ Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно. ¹² Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно. ¹³ Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно. ¹⁴ Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байна. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно. ¹⁵ Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. ¹⁶ «Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.»

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00