¹ Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн. ² Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. ³ Сахиул түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана. ⁴ Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг. ⁵ Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. ⁶ Есүс энэ зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй. ⁷ Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. ⁸ [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. ⁹ Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. ¹⁰ Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. ¹¹ Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. ¹² Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. ¹³ Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. ¹⁴ Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. ¹⁵ Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө. ¹⁶ Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно. ¹⁷ Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. ¹⁸ Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00