Удирдагчдад өгсөн Паулын зааварчилгаа

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Үйлс 20: 17-38

¹⁷ Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. ¹⁸ Тэднийг ирэхэд тэр —Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. ¹⁹ Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан. ²⁰ Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, ²¹ Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн. ²² Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. ²³ Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. ²⁴ Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. ²⁵ Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. ²⁶ Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. ²⁷ Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ. ²⁸ Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. ²⁹ Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. ³⁰ Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. ³¹ Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. ³² Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. ³³ Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. ³⁴ Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. ³⁵ Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. ³⁶ Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа. ³⁷ Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв. ³⁸ Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00