¹ Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. ² Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. ³ Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. ⁴ Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, ⁵ бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. ⁶ Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр ⁷ үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ⁸ ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд. ⁹ Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. ¹⁰ Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. ¹¹ Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. ¹² Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ¹³ ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз. ¹⁴ Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. ¹⁵ Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. ¹⁶ Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. ¹⁷ Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. ¹⁸ Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. ¹⁹ Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ. ²⁰ «Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» ²¹ Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00