¹⁹ Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. ²⁰ Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. ²¹ Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. ²² Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. ²³ Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ! ²⁴ Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. ²⁵ Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? ²⁶ Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? ²⁷ Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? ²⁸ Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй. ²⁹ Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. ³⁰ Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ? ³¹ Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. ³² Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. ³³ Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. ³⁴ Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00