Дагалдагчид Есүсийг дагахын тулд золиос гаргадаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Лук 9: 23-26

²³ Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. ²⁴ Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. ²⁵ Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? ²⁶ Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно.

Лук 9: 57-62

⁵⁷ Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд —Би Таныг хаа ч явсан дагая гэв. ⁵⁸ Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гээд ⁵⁹ өөр нэгэнд —Намайг дага гэхэд тэр —Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэжээ. ⁶⁰ Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. ⁶¹ Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд ⁶² харин Есүс —Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс дагалдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00