¹ Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв. ² Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. ³ Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв. ⁴ Петр, Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон —Наашаа хар гэв. ⁵ Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав. ⁶ Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлээд ⁷ баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, ⁸ үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав. ⁹ Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад, ¹⁰ сүмийн Үзэсгэлэнт дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд тохиолдсон явдалд гайхан алмайрцгаав.
⁶ Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. ⁷ Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаантай эрийн хамт байдаг ажээ. Сергио Паул, Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. ⁸ Харин нэрийг нь орчуулбал шидтэн буюу Елум тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. ⁹ Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон — ¹⁰ Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? ¹¹ Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив. ¹² Болсон явдлыг харсан мөнөөх нутгийн захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00