Дагалдагчид Эзэн өөрсдийг нь уучилсны адил бусдыг уучилдаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Матай 18: 21-35

²¹ Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь ²² Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. ²³ Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. ²⁴ Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. ²⁵ Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. ²⁶ Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад ²⁷ тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. ²⁸ Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. ²⁹ Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. ³⁰ Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. ³¹ Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. ³² Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. ³³ Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд ³⁴ ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. ³⁵ Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс дагалдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00