⁸ Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. ⁹ Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. ¹⁰ Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ¹¹ ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ¹² ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. ¹³ Түүний зарц Израилийн үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ! ¹⁴ Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. ¹⁵ Мянга мянган үеийнхэнд Түүний тушаасан үг, гэрээг нь мөнхөд санагтун. ¹⁶ Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа ¹⁷ Иаковт зарлиг, Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм. ¹⁸ Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг Өв залгамжлалын хувь болгон өгнө” гэж айлдсан билээ. ¹⁹ Тэд тоогоор цөөн, дорой бөгөөд тэнд харь хүмүүс байсан ²⁰ Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн. ²¹ Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч, Тэдний төлөө хаадыг зэмлэсэн. ²² “Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн. ²³ Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун. ²⁴ Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун. ²⁵ Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. ²⁶ Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм. Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ. ²⁷ Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. ²⁸ Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн. ²⁹ Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн. ³⁰ Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. ³¹ Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг. “ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг. ³² Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг, Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг. ³³ Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. ³⁴ Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх. ³⁵ Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн. ³⁶ Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен гээд ЭЗЭНийг магтав.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00