¹³ Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. ¹⁴ Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. ¹⁵ Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн болвоос тэрээр уучлагдах болно. ¹⁶ Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. ¹⁷ Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ. ¹⁸ Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм. ¹⁹ Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, ²⁰ хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг та нар мэдэгтүн.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00