³¹ Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно. ³² Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, ³³ хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. ³⁴ Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. ³⁵ Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, ³⁶ нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд ³⁷ зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? ³⁸ Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? ³⁹ Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. ⁴⁰ Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. ⁴¹ Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. ⁴² Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, ⁴³ харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. ⁴⁴ Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. ⁴⁵ Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. ⁴⁶ Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00