¹⁹ “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. ²⁰ Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж хүлээв. ²¹ Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. ²² Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. ²³ Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв. ²⁴ Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. ²⁵ Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд ²⁶ Иохан —Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. ²⁷ Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. ²⁸ Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм. ²⁹ Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. ³⁰ Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. ³¹ Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. ³² Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. ³³ Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. ³⁴ Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв. ³⁵ Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. ³⁶ Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд ³⁷ хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав.
²⁶ Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд ²⁷ Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. ²⁸ “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. ²⁹ Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. ³⁰ Тэр өсөж, харин би буурах ёстой гэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00