¹³ Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. ¹⁴ Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. ¹⁵ Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. ¹⁶ Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. ¹⁷ Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. ¹⁸ Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. ¹⁹ Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. ²⁰ Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00